Sunday, November 6, 2011

2011-2012 оны хичээлийн жилийн зорилт

PDF Хэвлэх Имэйл
2011-2012 оны хичээлийн жилийн зорилт

Бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчилж, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх бодлогын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
  1. Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн нас насанд тавигдах нэгдмэл шаардлагын зэрэгцээ бага насны хүүхдийн цогц хөгжилд насанд хүрэгчдийн үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг хэрэгжүүлнэ.
  2. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлын хүрээнд 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, улсын хэмжээнд 30 лаборатори сургууль сонгон тохироцыг шалгаж эхэлнэ.
  3. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, боловсролын мэргэжлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах, сурах бичгийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
  4. Ерөнхий боловсролын үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хос хэлний сургалтын системийг бий болгох ажлыг үргэлжлүүлж, энэ хичээлийн жилд Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр монгол, англи хос хэл дээр хичээллэх 3 сургуулийг Улаанбаатар хотод шинээр байгуулна.
  5. Хүүхэд, багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа мэддэг, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Иргэний боловсрол” хичээлийг 1-3 дугаар ангид шинээр боловсруулсан агуулга, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмжийн дагуу чанартай зохион байгуулна.
  6. Бага, дунд боловсролын стандартаас давсан агуулгаар сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа сургалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийн үр дүнг тооцож, зохицуулалтын арга хэмжээ авна.
  7. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шатар болон усан спортоор хичээллэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.
  8. Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс сурах бичгээр үнэ төлбөргүй хангах, сурах бичиг худалдан авахад эцэг эхэд үүсэж буй санхүүгийн хүндрэлийг багасгах зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан бий болгох туршилтыг өргөжүүлнэ.
  9. Төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуульд цахим сургалтын хөдөлгөөнт лаборатори байгуулж, багш бүрийг зөөврийн компьютероор ханган сургалтад цахим сургалтын технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх “Шинэ зууны боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  10. Багш нарыг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх байнгын, институцэд суурилсан тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлж, Багшийн хөгжлийн ордныг 2011 онд ашиглалтад оруулна.
  11. Ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 15000 хүүхдэд үдийн хоолоор үйлчлэх хүчин чадалтай хоол, хүнсний комбинатыг байгуулж, 2012 оны IV улиралд ашиглалтад оруулах, аймаг, сумдын сургуулийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх загварыг бий болгох, хоолны газрын байр, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.
  12. Хүүхэд, багачууд хар тамхи, мансууруулах бодис, буруу зуршил, гэмт хэрэг зэргээс ангид байхад чиглэсэн хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ.
  13. Албан сургалтын үйлчилгээнд хамрагдах боломж нь хязгаарлагдсан хүүхэд залуучуудад албан бус боловсролын үйлчилгээг хүргэхийн тулд албан бус боловсролд хамрагдагчдын бүртгэлийг чанаржуулах, бүртгэлд буй суралцагчдын хөгжил өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, үйл ажиллагааны үр дүнг тооцно.
  14. Хамран сургалтын бохир жинг өмнөх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролд 1.0%, бага боловсролд 0.4%, дунд боловсролд 0.1 хувиар тус тус ахиулна.
БСШУЯ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГАЗАР

No comments:

Post a Comment